“Ам баялаг бол амьдрал баялаг” хэмээх Аръяабалын хийд, Тэрэлжийн уулсаар хийсэн аялалын тэмдэглэл
2021 оны 7 сарын 17 буюу зуны адаг сарын “Шинийн 8”-ны лусын буулттай билэгт сайн өдөр, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт, Болорын агуй-Мэлхий хад-Аръяабалын хийд-Гялалзахын нуруу-Зуун Ламын агуй маршрутаар, 17 км-ийн алхалт, аялалыг амжилттай хийгээд ирлээ.
Өнөөдрийн аялал үнэхээр үгээр хэлэхэд мэдрэмжийг нь гүйцэмгүй, үзгээр бичихэд дурсамжийг нь тодотгомгүй үлгэрийн сайхан аялал гээч нь боллоо.
Өглөө эрт 9 цагт Жетрогийн үүдэнд цуглаж, биесээ хүлээнгээ хөгжилтэй яриа өрнүүлэх хэсэг хүмүүс, өдрийн төгсгөл гэхэд салж хагацаж чадахаа больсон, сайхан хамт олон бүрдээд, үдшийн 9 цаг 40 минутанд, оройн тойргоо хийгээд жинхэнээсээ гэр гэрлүүгээ, сэтгэл өег харьсан, энэ сайхан аялалын сонин сайхныг хуваалцъя.
Тэрэлжийн гүүрэн дээр уулзсан 4 судлаачдын тавьсан саналын дагуу, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас явуулж буй “Горхи Тэрэлжийн БЦГ”-ын унаган төрхийг хадгалах, зохион байгуулалттай аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж, хамгаалах зорилгоор хийсэн цахим судалгаанд бид багаараа хамрагдаж, бэсрэгхэн АХА маягийн л юм болсон доо. Хамгийн эхний асуулт: “Эко систем гэж юу вэ?”, дараагийн асуулт “Эко системийг хайрлан хамгаалах нь яагаад чухал вэ?” гэсэн асуултаар эхэлсэн энэ судалгаанаас, нээрээ чухал гэдгийг нь бид яагаад заавал мэддэг байх хэрэгтэй вэ гэсэн асуултаар өнөөдрийн аялалын сэтгэлийн дуудлага эхэлсэн юм.
Горхи, Тэрэлжийн БЦГ нь уул хад, ургаа цохио, урсгал гол, ундрага булаг, ус мөрөн, жигүүртэн шувууд, зүйл зүйлийн эмийн ургамал, ховор ан амьтдын өлгий болсон үзэсгэлэнт сайхан нутаг бөгөөд байгалийн тод ул мөр, түүхийн хуудас, угсаатны өв соёлын хэлхээндээ ч “Түмэн жанжинтны хөндий” хэмээн тамгалж үлдээсэн энэ газрыг, УИХ-ын 93-р тогтоол, засгийн газрын 1994 оны 9-р тогтоолоор “Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар” гэсэн зохион байгуулалтанд оруулж, улсын тусгай хамгаалалтанд оруулжээ.
Өнөөдрийн аялалыг яагаад ч юм, “Өртөөчилсөн аялал” гэж нэрлээд, өртөө бүрээр нь сонин хачнаа хуучилвал ямар вэ? Ингэснээрээ илүү эмх цэгцтэй бөгөөд, өнөөдрийг бие биендээ зарцуулж, өдрийн турш аз жаргал, сайн сайхнаараа сүлэлдсэн бидний аялалын өнгийг мэдрэхэд тустай байх болов уу гэж бодлоо.
“Өртөө 1: Болор мөнгөн дуслууд”
“Болорын агуй” нь бидний эхний өртөө байсан юм. 2 км гаран үргэлжлэх мод болон хадан дундах жимээр тасралтгүй явсны дараа, Зүүн Оргил шиг нэлээд эгц, 60–70 градусын өгсүүр, сул элстэй өндөр асгаруу авирах хэрэгтэй болсон тул болгоомж, айдас хоёр давхцаж, өвдөг чичрэнэ. Энэ өртөөний шалгуур нь буцаад яг энэ хэсгээрээ буух шаардлагатай болсон нь нуулгүй хэлэхэд зориг зарцуулагдана. Өмнө нь аялж байхад 5 сар байсан учраас, хөрс нь зайрмагтсан, даялаад цаашаагаа алхаад буцаж буугаагүй болохоороо ч тэр юмуу, буух үедээ нэлээн сандарсан ч чиглүүлэгч Ичкогийнхоо нөлөөгөөр хөөрхөн даваад гарлаа.
“Болорын агуй” нь, 1960 он хүртэл усан, утаат, ягаан болор зэрэг ховор ашигт малтмалыг олборлож байв. Газрын гүнээс усны түрэлт их байсан учраас олборлох ажлыг зогсоожээ. Улаанбаатар хотын Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй утаат болор, усан болорын дээжүүд нь “Болорын агуй“-аас олдсон ховор нандин олдворууд юм.
Илүү дэлгэрэнгүйг: https://www.unread.today/c/2026
Өртөө 2: “Мэлхий хад, мөнхийн ус”
“Болорын агуй”-аасаа бууж ирснийхээ дараа, хоорондоо хэсэг хөгжилдөөд, тус тусынхаа машинд сууцгааж, дараагийн өртөөрүүгээ явсан нь “Мэлхий хад” байлаа. Энэ багт маань адал явдал хайгчид цугласан байсан тул, засмал замдаа нийлэлгүйгээр огт мэдэхгүй шинэ замаар явсаар байгаад “Мэлхий хад”-ныхаа чанх хойноос цагаан, хар, цэнхэр хүлгээрээ цуван явсан энэ л зарчим аялал дуусан дуустал үргэлжилж, сэтгэлийн амар амгаланг цогцлоосон юм.
“Мэлхий хад” нь баруун хойд зүгрүү чиглэн харсан 24 м өндөр яст мэлхий дүртэй, хүзүү хуяг хоёрынхоо дунд хүмүүс орж багтахуйц хүнхэр хэсэгтэй байх ба, тэр хэсгийн голд овоо маягийн чулуун цуглуулгатай байна. Энэ хэсэг дээр хүмүүс их бага хэмжээний мөнгө тавьсан нь домогт өгүүлэх “Мөнгөт хад” гэх нэрнээс ч улбаатай байх аа.. Дээшээгээ гарахын тулд нэлээдгүй хадан замаар явах боловч, энэ хэсэгт авхуулсан зураг бол, мөнхийн дурсамж болох нь гарцаагүй юм. Гэвч “Мөнгөт Хад” гэдэг нь домог үлгэр учраас, Монгол улсын мөнгөн дэвсгэртийг тэгж үнэгүйдүүлэлгүй, хураан хадгалах хайрцаг байршуулж, дараа нь тогтоц газартаа ээлтэй, аялагчдад тустай үйлчилгээ санал болговол илүү дээр байх болов уу гэж бодогдсон. Мөн “Мөнгөт хад”-ны домогт эмэгтэйчүүдийг хайрцагласан уламжлалт хандлага, хэвшмэл ойлголттой байсан учраас өөрийн блогт нийтлэх гэж түвдсэнгүй. Ямартай ч хүүхэд насны минь гэгээн дурсамжийг агуулсан “Нарлаг” зуслангаа алган дээрээ тавьсан мэт дээрээс харах нь сайхан байлаа.
Бүгд машинаас буугаад “Мэлхий хад”-руу авирах хооронд, багийн гишүүн Нямка маань сайхан сэтгэлээр дэлгүүр орж, багийнхандаа зайрмаг аваад гараад ирсэн чинь, хэн ч байгаагүйд үнэхээр гайхсан гэсэн. Ичкоруугаа залгатал, Ичко маань нүд ирмэхийн зуур гүйн авч ирээд, бүгд хамтдаа, байгалийн сайхан, нарны алтлаг туяан дор, багийнхаа зургийг даруулж, амтат дурсамжаа мөнхлөөд, сүү амтагдсан хүйтэн зайрмаг идэж, өдрийн цангаагаа бага ч болов тайллаа.
Өртөө 3: “Өдрийн хоол, өвөрмөц танилцуулга”
Зүлгэн дээр суугаад зүгээр л нэг амьдрахсан гэж, алдарт шүлгэнд өөрийнхөө үгээр хачирлаад, өөр хоорондоо танилцах нь юу юунаас илүү чухал байсан учраас, өөрсдийнхөө энергийг авахын тулд, өглөөнөөс хойш сойсон ходоодоо ундаалж, өөдрөг үгсийг нэгэндээ хэлж, өдрийнхөө амин сүнсийг тэтгэлээ. Одоо үнэнээ л хэлье даа, байгалийн сайханд уусаад, өөрийнхөө хүсэлд хүлэгдээд хамт аялсан хүмүүсийнхээ нэрийг тогтоогоогүй ч гэсэн, бид яг л нэг хүн шиг сэтгэтлээ нэгэндээ ууссан байсан нь энэ тэмдэглэлийн төгсгөлд гарч ирнэ. Ямартай ч бие биенээ нэрээр нь дуудахаасаа илүү хочоор нь, хошин яриагаар нь, түүх дурсамжаар нь сэтгэлдээ илүү ойр хүлээж авчээ. Тухайлбал Happy Ichko page-ийн админ Ичко, Японы алдарт Фүжи ууланд нар мандахыг харсан Цэрмаа эгч, Засаглалын төсөл дээр ажилладаг Цолмон эгч, үхрийн ордны тогооч залуу Ука, шүхэрчин Батаа, хөөрхөн Хонгороо, оёдолчин, мэйк апчин Байгалаа, шүрэн урлаач Мөнгөөдэй, Билгүүнээ, Билгүүнээгийн маникюрчин эгч Нямка, шар малгайтай охин Сайхнаа, сүүлийн сар гаран алхаж байгаа, Цэцээ Гүний оргилд авирснаа сэтгэл догдлог ярьсан ЦэцээГүн эгч зэргээр ярьсан яриа, сонирхолтой түүхүүдээр нь кодлон тогтоогоод танилцуулга болгоных нь дараа алга ташиж, нэгнийгээ хөглөж явсан тэр дүр, сэтгэл нь одоо ч шинэхнээрээ байна.
Тойрч суугаад гэрээсээ авч гарсан хоолоороо нэгнийгээ дайлахын хажуугаар асуумаар байсан зүйлсээ хоорондоо ярилцаад, дараагийн өртөөрүүгээ хөдөллөө. Тиймээ, энэ бол “Аръяабалын хийд!”
Өртөө 4: “Аръяабалын хийд, амьдралын үүд”
Өртөөчилж явалгүйгээр үнэхээр тусад нь үзээд, өөрийнхөө дотоод сэтгэлд бясалгал хийж, залбирал одуулмаар газруудын нэг бол яах аргагүй “Аръяабалын хийд” юм байна лээ. Анх орсон цагаас эхлээд бурханы номыг замын хажуугаар Монгол, Англи хэлээр энгийнчлэн тайлбарласан 157 самбар байхаас гадна, эргэл мөргөлийн цац суврагууд, газрын гүнээс олгойдон орших цэнгэг уст рашаан, Зандан Зуу бурханы мөргөлийн өрөө, Мял Богдын агуй, Билгийн чинад тэртээд хүргэх дүүжин гүүр, 108 шат бүхий бясалгал номын хийд гээд л тоочоод байвал барамгүй, тоолоод байвал дуусашгүй олон олон сайхан энергитэй газруудаар аялахын сацуу сэтгэл дотроосоо гэрлийг цацруулж, итгэл сэтгэлээрээ өлгийдөн аваад, гэгээн бүхнийг халгиан цалгиамаар дээдийн үүд нээгдсэн үзэмж төгс, хиргүй ариун, хольцгүй шижир сайхан газар байна лээ. Энд бид илүү нэгэнтэйгээ сэтгэл талбиун хүүрнэлдэж, мэдэхгүй нэгэндээ мэдлэгээ хуваалцаж, дараагийн аялалынх нь үүдийг нээж, үгсийн сайныг хэлэлцэж, үйлийн сайныг ерөөж, яриад суувал босомгүй, ажаад байвал холдомгүй тийм л цаг хугацааг өнгөрүүлсэн байдаг.
Бүх хэсгээр нь явж дууссаны дараа Мял Богдын чулуун сийлбэр бодгалаас адис аваад, Аръяабал бурхны өмнө гурвантаа сунаж мөргөөд, хийдийг тойруулан байгуулсан хүрдүүдийг хичээнгүйлэн эргүүлээд, доошоо бууж хэсэг амсхийж, дараагийн өртөөрүүгээ явсан юм. Дараагийн удаа ирэхээрээ 108 шатаар нь Аръяабал бурханы зүрхэн тарнийг уншаад алхаад үзнэ ээ.
Зүтгэл бүхэн сэтгэлийг хирийн ариусган номхотгоно.
Хийдийн тухай илүү дэлгэрэнгүйг: http://www.touristinfocenter.mn/cate1_more.aspx?ItemID=78
Өртөө 5: “Гялалзахын нуруу”
За өртөөний нэр жоохон эргэлзээтэй. Анх маршрутанд орсон нэр нь “Хүүхэн уул”: “Хүүхэд хад” гэж нэрлэж заншсан байдаг нь, үдшийн бүрийд, үнэгэн харанхуй залгахаас өмнөтэй, бүүдгэр сарны туяанд дээш харан амарлингуй хэвтэх үзэсгэлэн төгөлдөр эмэгтэйн дүр тодрох ба, сайтар харвал сормуус юу нь дэрвийж, үзээд тодолвол бүсгүй бие нь харагддаг, өвөрмөц тогтоц бүхий хайрхан байдаг. Гэхдээ байршлаараа бол “Мэлхий хад”-ны хойно, “Нарлаг” хүүхдийн зуслангийн ард дүнхийн харагддаг. Ер нь бол тийшээгээ алхалт хийх нь бүү хэл, авирч гарахыг цээрлэдэг дошгин газар гэдэг.
Тэгэхээр бидний очсон газар тэр хэсгээс нэлээд зайдуу буюу “Аръяабалын хийд”-ийн зүүн урд талд байдаг хайрхан гэхээр 2 газрын нэр зөрөөд байгаа хэдий ч, Горхи Тэрэлжийн БЦГ-ын тайлбарт нэрлэснээр “Гялалзахын нуруу” гэж нэг газар гарч ирсэн болохоор тэр нэрээр нь орлууллаа. Гэхдээ дараа нь алдарыг нь танин мэднэ ээ.
Багийн чиглүүлэгчид байдаг нэг давуу тал нь алхагчдынхаа санал хүсэлтийг сонсож байгаад шинэ алхалт нэмж болдог нь сайхан учраас Ичко маань энэ хайрханы алхалтыг санал болгож, Шүхэрчин, Засаглалын аниа, Билгүүнээ, шүрэн Мөнгөөдэй бид хэд үлдэж, үлдсэн хэд маань алхалт хийсэн юм. Энгэрээс нь харсан ч хэний ч нүдийг булаам эгц сайхан хад асганууд бас тунгалаг ногоон өнгөний зохицолтой ургамал, мод, цэцэгс бүхий өндөр хадруу авиран гарч, биесээ урамшуулан дуудах цангинасан дууг нь доороос нь сонсон зогсохдоо, ямар ч их эрч хүч. яасан их зоримог дайчин сэтгэлүүд вэ гэж бодон бясалгал хийхийн хажуугаар орон дэлхийгээ баясгаж өргөл халиалаа.
Нар шингэх болж, нарны сүүлчийн туяа, хангай дэлхийгээ харамгүй ээсэн тэр цагт хоёр хуваагдаж, цагаа өнгөрүүлсэн ч аль аль баг нь сэтгэл хангалуун эргэн уулзаж, тоогоо авч, үдэлтийн дуугаа дууллаа. Энэ үед бяцхан Хонгороо маань бид бүхэнд өнгийн цэцэг бэлэглэж, хайр энэрлээ өөрийнхөөрөө илэрхийлж, сэтгэл хангалуун цаг хугацааг нэгээр нэмсэн юм. Хонгороо бол Байгалаагийн маань 7 настай охин бөгөөд бие даасан, хурдан шаламгай, сэргэлэн цоглог үнэхээр байгаль эхийн харамгүй бүтээл гэмээр маш сайн алхагч байсныг дурдмаар санагдаж байна.
Өртөө 6: “Зуун ламын агуй”
Аялалын эхэнд орох байсан боловч, сүүлд нь цаг үлдвэл оръё гэж хэлээд үнэхээр цаг үлдсээн. Нэг л зүйлийг шалгамаар байсан юм. Шүхэрчингийн машинд болсон яриа: За “100 ламын агуй” маань энд байна даа гэж жолооч Шүхэрчин яриа эхлүүлэв. Үнэхээр зуугуулаа энд байсан ч юм билүү яаж мэдэхэв гэх үед нь, их хэлмэгдүүлэлтийн үед 100 лам энд бясалгаж, маанийн хүчээр агуйн үүдийг хааж, амь хэлтэрсэн учраас 100 ламын агуй гэдэг гэсээн гэж Тамирка яриаг өрдөв. Тэгтэл Шүхэрчин, үнэхээр 100 хүн багтсан юм болов уу, тэр чинь тахил номоо өрөөд, хоол хүнсээ оруулаад багтахгүй байж болно шүү дээ, арвуулаа байсан юм билүү яаж мэдэхэв, үг хэлвэл нэмэгддэг гэж ярьдаг, орж харах уу гэж яриаг эрчлэв. Тамирка: 10 лам 10 сахиусаа буулгаад зуугуулаа байсан ч байж болно шүү дээ, тэгээд ч 21 онд зуун лам гэж байгаа бол 30 жилийн дараа “Мянган ламын агуй” гэх ч юм билүү, яаж мэдэхэв гэж яриагаа хурцлав. Тэгтэл Билгүүний эгч Нямка, би тэгвэл “10,000 ламын агуй” гэж нэрлэмээр байна гэж хэлээд бөөн инээдэм болов. Инээдэм үүгээр дуусаагүй..
Хамгийн сүүлийн өртөө байсан ч, өндөрт гараад сэтгэл нь хөдөлсөн манай хэд орж үзээд, бид хэд арвуулаа ороход нэг буланд нь бөөгнөрөөд багтчихсан юм чинь, энд 100 лам багтах л байсан юм байна гэсэн шинэ нотолгоотой гарч ирсэн. Үнэхээр ч тайлбар самбар дээр нь, түүхийг нь бичихээс гадна, манай Монголчууд аливааг өсгөж ярьж зуу, мянга, түм, бум гэж ярилцдаг учраас энэ газарт үнэхээр 100 лам байсан эсэх нь эргэлзээтэй ч, 3 найз киноны зураг авалт энд явагдсанаас “Гурван найзын агуй” гэж шинэ нэршил гарч ирсэн гэж бөөрөнхийлөв. Гэхдээ л 10,000 буюу түм гэдэг тоо байсан нь үнэхээр хөгжилтэй санагдсан.
Ер нь бол, түүхийн дурсгалт газар нэрээ зурж үлдээснээр дурсгал үлддэггүй юмаа гэдгийг шүршдэг будгаар шивээд үлдээсэн хэнэггүй хэн нэгэнд хэлмээр санагдсан. Очсон хад бүр дээр энд тэнд нь олон юм зурж сэвтүүлсэн нь 100 жилийн дараа хадны сүг зураг болно гэж эндүүрэх хэрэггүй. Харин ч түүхийн улбааг бохирдуулж, аялалын сайхныг алдагдуулах дэмий зүйл гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Аяны цүнх ба авч явах зүйлс:
Өглөөний шинэхэн кофег нарны алтлаг туяанд, хэмнэлт хөгжмийн айзамд уунгаа өдрийн эрч хүчээ сэлбэн, өнгө өнгийн төсөөлөл үүсгэх нь хичнээн сайхан билээ.. Тэр л сэтгэлээр өдөржингөө хамт аялж, өөрийнхөө дотоод ертөнцийг мялааж, нийслэлээс гарахдаа хүртэл уулын замаар явсаар байгаад бидний хэдэн нөхдийн аялал буцах араандаа орлоо, салж ядаж байна гэж юу гэхэв. Уг нь сүүлийн тоогоо аль хэдийн 5-р өртөөн дээрээ аваад, бонусанд нь “Зуун ламын агуй”-аа үзээд, одоо ингээд өөр өөрсдийнхөөрөө явах учраас зам нийлэх хүмүүс нь хамт суугаад явцгаая гэсэн боловч айраг ярьсаар хоолон гэр дээр нэг зогсоод, зам ярьсаар Налайхын тойргийн түгжрэлээс хамт зугатаж, салах ёс ярьж Дүнжингаравын зам дээр уулзсанаар жинхэнээсээ зам замаа хөөв. Түгжрэлээс гарахын тулд, Налайхын 4-р хороогоор дайрч зам товчлох шийдвэрийг Шүхэрчин санаачилж, шар малгайтай охин бид 2 дэмжиж, зүүн дарах дохио өгөхөд шил даран хамт эргэх, Улиастайн зам дээр дундуур орох гэсэн машиныг зөрүүдэлсээр байгаад оруулалгүй, түгжээн дунд ч ар араасаа зогсох нөгөө 2 машин, өглөө машин дутахад гэрлүүгээ яваад машинаа авчрах Фүжи эгч, дөхүүлж өгсөн Үхрийн ордны залуу хоёрын сэтгэл, нэмэлт хүчээр хүрч ирээд өдөржингөө хамт байсан Шүхэрчингийн зүтгэлийг ярилцаж нэгэндээ талархал илэрхийлж байсан нь хичнээн сайхан байсан бэ..
Гэртээ харих замдаа бодож байв. Эко системийн тогтвортой байдал яагаад чухал болохыг ойлгох хэрэгтэй вэ гэсэн өнөөдрөс улбаалсан бодлоо үргэлжлүүлэв. Нэгт, өнө эртнээс өвлөгдөн ирсэн өв уламжлал, түүх шастираа гажуудуулалгүйгээр судалж, гэр бүл, үр хүүхэддээ заан өвлүүлж, сургахдаа өөрийн үзэл бодлоо тулгалгүй, сонсогч нэгнийг тунгаан бодох боломж олгож, хүүхэд насных нь хамгийн сайхан дурсамжуудыг бүтээж өгөх нь гэр бүл байхын үнэ цэнүүдийн нэг учраас аялагч ч бай, алхагч ч бай бүгдээрээ ухамсартай байцгааж энгийн хэдэн дүрмүүдийг амьдралынхаа хэвшил болгох хэрэгтэй байна аа, одоо.
2т, одоо байгаа байгалийн үзэсгэлэн гоо байгаль эхийн бүтээл боловч, хүмүүс бидний үүрэг хариуцлага гэдгийг хүлээн авах хэрэгтэй болж байна. Өөрөө аялсан л бол болоо гэх шиг, өөрсдийнхөө үлдээсэн хар мөрийг тодоос тодоор байгальдаа үлдээх нь эргээд, өөрийнхөө ирээдүйд учруулж буй томоос том сорви болох учраас бүгдээрээ хариуцлагатай байх нь нэн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Ядаж л хог битгий хаяач, ариун цэврийнхээ асуудлаа эко байдлаар шийдэх шийдлийг олооч, гол ус бохирдуулахаа болиоч, хамт аялагсаддаа үлгэр дууриалтай байцгаая хайруудаа!
3т, эх болсон 6 зүйлийн амьтан, хүн, ургамал бүгдээрээ өөр хоорондоо харилцан хамаарал бүхий шүтэлцээтэй оршдогийг санаад, сэтгэл тэнүүн, хөөр дурсамжаараа бахдан уулзалдах өдрийг ерөөхийн тулд энэ сайхан оршихуйгаа энгүй тансагаар нь хадгалж, дараагийн хүний нүд, бодол, сэтгэлийг баясгах боломжийг олгож байгаагаа ойлгоод, нэгэндээ хайртай байцгаая, хүндлэлтэй оршицгооё доо..
Аялал бол амьдрал, Амьдрал бол аялал.. Хайртай шүү.
Энэ сайхан аялалыг зохион байгуулсан “Ууланд алхагчид клуб”-ийн хамт олон, хамт алхсан хүмүүс, замд таарсан бүх найзууддаа баярлалаа, сайн сайхныг хүсье.
Эх сурвалж: www.ikon.mn, www.touristinfo.mn
Ашигласан аппликэшн: Medium blog, Relive /Аялалын зам бичих апп/
Санал болгох дуу: Ed Sheeran, Kygo, Avicii, Robin Schulz, Lost Frequencies, The Chainsmokers Styles — Feeling Me
Хүндэтгэсэн: Tamirka Bayar