2019 оны 5 сарын 5, хаврын адаг сарын шинийн 1. Балжинням, Дашнямтай, лусын буулттай өдөр, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт орших Зоргол хайрхан, Тоомтын агуйн аялал хийж үзсэн юм. Баян-Өнжүүл сум гэхээр алдарт найрагч асан Бавуугийн Лхагвасүрэн гуайн төрсөн нутаг, яруу сайхан эх хэлний маань утгын чимэг болсон “Боржигоны бор тал” гэх шүлгийн мэндэлсэн хангайд очиж үзсэн юм.
Тэгш тал дундуур салхи сөрөн, хурдлан явсан машины цонхоор хаа холоос л дүнхийн харагдаж, хурдхан очихын хүслэнг бадрааж, эгц босоо, боржигон хад чулуу ихтэй энэ сүрлэг Хайрхан ямархан агуу нууцыг агуулж байгаа бол гэхээс тэсэж ядаж байсан сан.. Одоо цагт, амьдралынхаа хамгийн сайхан цагийг өнгөрүүлж байгаагийн нэг баталгаа нь аялал байдаг. Та аялж чадаж байгаа бол өөрийгөө хайрлаж байна гэсэн үг бөгөөд зөвхөн аялагчдад байдаг сайхан чанаруудын нэг нь, “Өгөх нь авахаасаа илүү өгөөжтэй” гэдгийг сэтгэлдээ шингээсэн байдаг тэр чанар юм. Өөртөө итгэлтэй байж, чөлөөлөлтөнд орох энгийн зүйл бол алхалт хийх бэлтгэлээ сайтар базааж, өөрийн аюулгүй байдлаа хангах нь хамгийн чухал хэсэг нь болдогийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
Явсан баг маань эндээсээ хоёр салсан бөгөөд нэг хэсэг нь хайрханыхаа оргилруу алхалт хийсэн бол, нөгөө хэсэг нь Тоомтын агуй гэх нууцлаг нэртэй, сонин тогтоцтой, өвөрмөц агуйгаас доош олсоор буух, адал явдалтай аялалыг хийхээр болсон. Агуй гэдэг нь газар эхийн хэвлий ч байж болох юм гэж домоглон бодох дуртай хүн учраас, анх очоод үлгэрийн мэт сайхан үзэсгэлэн төгөлдөр байгалийн тогтоцыг харан биширч явахдаа, яаж хөгөө чирж, айдастайгаа нүүр тулах тухайгаа төсөөлөөгүй байснаа нуухгүй ээ. Гэхдээ аялал бүхэн өөрийн гэсэн адал явдалтай байдгийнхаа адилаар, хүнд дотор хүнтэйгээ нүүр тулаад, ирээдүйн аялалдаа хэрэглэх мэдлэг туршлагуудыг, зориг тэмүүллийг, дотоод хүчийг бий болгож байдаг болохоор эрсдэлтэй алхам хийж, тухтай бүсээсээ гарч байх хэрэгтэй.
“Тоомтын агуй” аялалыг зохион байгуулагч нь “Мазаалай” эктрим аялалын клубын ахлагч, аялагч явуулах бөгөөд, өөрөө Онцгойд ажилладаг, шүхэрчин гэдгээрээ алдартай Шүхэрбаяр гэдэг эрэгтэй. Хүчтэй, өөрийн гэсэн хараалбартай эрэгтэй хүмүүсийг баатрууд гэж бодож, төрх байдлаас нь эрчим авч, үлгэрийнхээ дүрүүдийг өнгөлдөг бичигч хүний хувиар бол, хадан дээр хальтардаггүй баатар, харсан үзсэнээ мартдаггүй баатар гэмээр хүнийг анх удаа хараад, үнэхээр бахархах сэтгэл төрдөг юм байна лээ.
Түүнээс гадна, хад асга ихтэй аялалын хамгийн гол зүйл нь, арзгар ултай, хатуу материалтай гуталтай байх, экстрим аялал хийх гэж байгаа бол мэдээж бээлий сайтай байх хэрэгтэйг яагаад захиад байдгийг энэ аялал дээрээс маш сайн ойлгож авсан бөлгөө.
Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь..
Өө тэгээд шүлэг нь яг ороод ирдэг юм байна лээшд, аймар сонин нээрээ. Энэ мэдрэмжийг саруул ухаан дээр мэдрэнэ гэдэг бол, хэмжээлшгүй баяр жаргалан санагдана. Очих газраа ирчихсэн, толгой дотор ямар ч бодол байхгүй, салхиар наадаад, хөгжим сонсоод сууж байхад ч бас халуухан даа.. Тэр л мэдрэмжүүдийг алдалгүй бариад, дотоод төврүүгээ ороод ирэх хэрэгтэй. Яах гэж амьдраад байгаагийнхаа учир утгыг олоод харчих бол бас л.. Дахин нэг очоод хуур татах юмсан даа, хангай мину.. Одоо хүртэл мэдрэмж нь, дурсамжтайгаа шинээрээ л байна гэхээр, хангай дэлхийтэйгээ хэрхэн холбогдож чадсаны үр нөлөө нь юм болов уу.
Аялалын амин сүнс болсон “Тоомтын агуй”.. Газраас дээш 80 метрийн өндөрт гэхээр 20 давхар барилгатай тэнцдэг гэсэн. Ингээд харахаар бас гайгүй харагддаг ч яг тулаад буухаар бас тоглоом бишээ, кк.. Нөгөө сайхан баясгаад байсан салхи маань хүртэл тээртэй санагдаад, энэ юмаа болиулаад өгөөч ээ гэж хашгирмаар, давчидмаар ккк..
Бүх хүнийг олсоор буух гараанд гараад ирсэн хойно, хамгаалалтын бэхэлгээ зүүж өгөөд, ерөнхий техникийг заадаг. Дээшээгээ өгсөх хүртлээ Шифугаараа заалгаж, зарим үед бүр татуулж хүртэл гарч байсан хүний хувьд, одоо эндээс эхлээд хэн ч чамд туслахгүй, чи өөрөө өөртөө л найдаж, өөрийнхөө хүчинд итгэж эхлэнэ гэдгээ сонсохоор л аймар. Яанаа! би чадах болов уу, гар алдаад уначихвал яанаа гэж боддог. Техникийн хувьд бэхэлгээг тойруулаад бүдүүн олсоор бөх гэгч нь зангилаад зүүн гараа дээш нь сунгаж, үндсэн олсоо бариад баруун гараараа суудлын доороос олсоо гулгуулаад, бага багаар суллах байдлаар явна. Сайн хийж чаддаг хүмүүс бол, хадан хананаас 2 хөлөөрөө тулаад л ойлт өгөх маягаар олсоо суллаад доошоо буухаар бас кайфтай.
Олсноосоо л сайн барих хэрэгтэй, ямар ч үед баруун гараа салгаж болохгүй гэсэн баруун гарын цэнхэр дүрэмтэй. Баруун гар бол, зогсоох хүч болохоос гадна, доошлох эрч хүч бас болж өгч, 2 хүчийг хооронд нь тэнцүүлж байгаа болохоор хамгийн чухал зүйл л болчихоод байгаа юм. Гэхдээ энэ бүхнийг хүн өөрөө удирдан чиглүүлж байна гэж бодохоор, өөртөө итгэхээс өөр арга байхгүй.
Баруун гарын цэнхэр дүрмээ зөрчөөд V гаргасныхаа дараа ямар их сандарсан гээч,.. кк. Ер нь миний ихэнх зурган дээр V байдаг. Яагаад гэж үү. Volunteer буюу сайн дурын ажилтан гэсэн үсэгт тэмдэглэгээ болохоор. Нийгмийн сайн сайхны төлөө өөрийн чаддаг мэддэг зүйлсийг ямар нэгэн шан харамж харалгүйгээр туслах нь “Сайн дурын ажилтан”-уудын үнэт зүйл байдаг болохоор энэ тэмдэгт дуртай. Тэгсэн чинь яасан гээч, доошилжийсон чинь, гэнэт гар салгалаад, салхинд олс маань хүчтэй хийсээд, тэгээд хөлөөрөө тулахаа мартаад, баруун бөөрөөрөө хаданд наалдчихдаг юм байна. Дээрээс Тамираа зүгээр үү, доошоо явж байна уу гээд, доороос Тамираа зүгээр үү, өөртөө итгэлтэй буугаад ирээрэй гээд л, дээр доороос шахамдуулаад байхаар сандарсандаа “Баруун гарын цэнхэр дүрэм”-ээ мартчихдаг юм байна.. Хүн айхаараа хамгийн тэнэг, хамгийн аймар зүйл толгойд ордог юм байна лээ. Тэр нь юу гээч, нөгөө ертөнцрүү явахын өмнө хүнд 2 минут олгогддог гэсэн бодол, санаанд зурсхийхэд, гарын хүч сулраад, нүдэнд нулимс цийлэгнээд, тэрхэн хоромд хүнээ байж байгаа юм. Гэхдээ л хамгийн сонин нь, яг тэр үед, чи одоо л энэ бүхэнд ялагдаж болохгүй шүү. Хармаар байсан эго чинь наадах чинь ш дээ. Чамайг хэрхэн өчүүхэн болгох гэж оролдож байгааг хар даа гэсэн үгс, хаанаас ч юм сонсогдохыг зөн совин гэдэг байх аа. Тэгмэгц л хүч ороод, баруун гараа олсноосоо түр салгаж байгаад хадан ханаа тулж, хөлөө 90 градус сайтар өргөж, хадандаа наагаад, за одоо яах билээ бодоорой бодоорой, энд л бууж өгч болохгүй шүү гээд, “Аан баруун гараараа олсоо өөрлүүгээ татаж суллаад, зүүн гараараа олсоо атгаад доошоо буух ёстой, тийм ш дээ” гээд л аймар зориг ороод л явжийсан чинь, тулж явсан хад маань дуусаад агуйн дээд хэсэг гараад ирдийн. Нөгөө хөлөө л бат байлгавал айх зүйл юу ч байхгүй гэж бодож байсан маань дахиад худлаа боллоо. Барьчихмаар юм юу ч байхгүй, бачимдаад нээх эвгүй бүр.. Өө энэ агуй, агуйгүй байсан бол сайхан буужаахгүй юу гэсэн элий элий юм бодоод л, за агуй гарч ирэхээр яах билээ гээд дахиад өөрөөсөө асуугаад л, аан дахиад баруун гарынхаа олсыг сайн татаж суллаад зүүн гараараа олсоо атгаад гээд зааврын дагуу хийсэн чинь болж байна шүү.. Тэгэхээр нь хөлөө суллаад аймар итгэлтэй буужийнаа. Тэгснээ, өө нээрээ хөлөө бүр унжуулж ч болно гэж хэлсийшдээ гээд л хөлөө унжуулж үзээд л, тайван2 гээд л өөрийгөө тайвшруулаад л, тэгэхгүй болохоор паанигтаад уйлчих гээд байгаам чинь бүр.. Тэгээд л агуйн газар дээр буусан чинь бүр 2 хөл чичрээд, гар бадайраад бүр сонин байсаан. Тэгээд агуй дээр хөлөөрөө зогсож, нэг сайн эрчим аваад л дахиад хадандаа хөлөө тулгаад дахиад буух үедээ жинхэнэ кайфийг мэдэрсэн дээ. Анх удаа бууж байгаа миний хувьд бол нийт туулах ёстой замынхаа 2/3 дээр л яг гоя кайфийг нь мэдэрч эхэлдэг юм байна лээ. Гэхдээ бас хүнд ш дээ. Яг эвээ олоод бууж байх үед, хүмүүс тал талаас янз бүрийн зөвлөгөө өгөөд эхлэх үед, аль болох өөрийнхөөрөө байж, өөртөө таатай байгаа аргыг л ашиглаж эцсийг нь үзэх хэрэгтэй мэт санагдсан. Хүмүүсийн шаагилдах, санаа тавих гэж хичээж байгаа нь хөөрхөн ч, тэр газарт, тэр аялалд өөрийнхөө цаг хугацаа, мөнгийг төлсөн хүн нь чи болохоор, өөртөө илүү таатай байх боломжуудаа тултал нь ашиглах хэрэгтэй шүү. Ямар ч аялалаас эцэст нь үлдсэн сургамж болоод дурсамж нь эргээд бодоход зориг гаргаад авахуулсан зураг, өөрийнхөө эгог ялан дийлээд биеэ сул тавьсан мөчүүд, өөртөө шийдвэр гаргаад өөрийнхөөрөө байсан нь л илүү сайхан санагддаг болохоор гоя байхын төлөө хичээх хэрэгтэй.
За тэгээд л буугаад ирсэн чинь, алхалтын багийн Улмаа хүв хүйтэн кола яг аяганд хийж ирээд л, за амжилттай бууж ирсэнд баяр хүргэе гээд өгөхөд зүгээр дуус дуус.. Дээр байхдаа уйлах гээд миарч байсан, ард үлдсэн бүх зүйлс зүгээр юу ч биш болдог л юм байна лээ, үнэн найс байсаан, хүв хүйтэн кола.. Дахиад олсоор буумаар л байсан, даанч дээшээ авирч гардаг хэсэг нь бас тоглоом биш л дээ.. Гарахдаа бүснээсээ хүртэл өргүүлж гарсан хүнд чинь 30 хувийн итгэл төрөөд л, тэрийгөө өсгөх үү, дарах уу гээд л, тэгээд л больсон байдын. Гэхдээ энэ аялалын дараа би бүр 2 ч удаа дахиж олсоор буух аялал хийсэн ш дээ. Тэгэхээр кайф нь зэрлэг байсан байгааз..
“Зоргол Хайрхан” их, бага гурван агуйтай бөгөөд бас 3 төрлийн өөр домгоор нэрлэгддэг юм билээ.. Гэхдээ энэ газрыг санахаар нар, сар, буга, согоо, ил, чоно гээд л яг л чулуу нь босож ирээд, цуурайгаар амилуулаад домог хүүрнэх гэж байгаа мэт нөмөр нөөлөгтэй сайхан хангай байна лээ дээ..
Аан бас 1202 онд Чингис хаан, Тоорил Ван Хантай эцэг хүүгийн халуун андгай өргөж засаг тогтоосон буянтай түүхтэй юм билээ.. Уулынхаа орой дээр их сайхан овоотой гэсэн..
Аймар ядарсан байх даа манай хэд. Гэхдээ, ядарсан ч гэсэн орой дээр нь гарч, доошоо харна гэдэг бас л зүйрлэшгүй сайхан мэдрэмж ш дээ..
Дээрээс нь доошоо харахаар “Хайрын нуур” их сайхан харагддаг гэсэн..
Боржигоны бор тал мину гээд зөндөө сайхнаар огшоо байлгүй дээ.. Дараагийн удаа хайрханлуу алхалт хийх замыг нь сонгоно оо..
Аялал болгонд тулгандаа тогоогоо тавиад, түүдгийн утаанд нь сэтгэл цадаад, аялал бүрийн онцлогоор хоол хийгээд, гишүүн бүртээ хүргэх гэж хичээдэг үе байдаг. Аялагчдын таксны мөнгөнд тааруулаад аль болох амттай шимтэй зүйлс аваад, тухайн өдрийн аялалын эрчинд тохирох хамгийн гоя хоолыг бодож олоод, аялалын өмнөх өдөр маргаашаа тооцоолоод нойр дутуу хонодог баг бол зохион байгуулалтын багийнхан байдаг. Өнөөдрийг хүртэл гарыг маань тогоонд хүргээгүй энэ ажилсаг, уртай ухаантай эмэгтэйчүүдийн хүчээр аялал илүү таатай, зугаатай бас уянгатай байсанд дандаа талархдаг. Илүү их дотоод гүнлүүгээ орох, илүү их зөн совиндоо итгэж, дуу хоолойг сонсох боломж олгож байсанд нь талархаад баршгүй болохоор, аялал бүрт хамт явсан хүмүүсийнхээ нэрийг дуудах дуртай.
Энэ аялал дээр “Чинжүүтэй цуйван” хийсэн байдын. Хаврын ядаргаа тайлах цуйван. Өлсөөд хэцүү болвол заримдаа бодож сэтгэл цадах цуйван.. Цуйван хөгжим хоёртой байхад хорвоо өнгөлөг.. ккк. Япон-Монголын хамтлаг хүртэл “Монгол цуйван хэр вэ” гээд дуу гаргасан байхад, аялалын үеийн цуйванг магтан дуулахгүй байхын аргагүй биз ээ.
“Зоргол хайрхан, Тоомтын агуй” хэмээх энэ аялал нь Улаанбаатар хотын орчмын бүсийн аялал жуулчлалын заавал үзэх #6 газрын тоонд ордог, маш сонирхолтой, нэг үзсэн байхад гэмгүй, фэйсбүүк, инстаграмдаа зориулсан зураг авалтууд хийхэд хамгийн тохиромжтой, гол нь өнгөлөг хувцастай байх ёстой, тийм л газруудын нэг дээ. 80 метрийн өндрөөс бууж байгаа тикток нтр хийвэл одоо солиотой. Найзуудаараа очвол бүүр янзтай. Шифугийн сэтгэлийг хөдөлгөж чадвал цаадах чинь бүр галзуу галзуу юм санаачлах бүрэн боломжтой. Хамгийн сүүлд савлуур хийж, хосуудыг савлуулсан байдаг..
Газар дэлхий амилаад, урин цаг ирлээ
Таягаа аваад, үүргэвчээ үүрээд аялалдаа гарцгаая
Тэнгэр баганадсан өндөр уулын оройруу
Түүхийн гэрчлэлтэй, цаг хугацааны товчоонлуу
Элсэн манхан хөвөөлсөн говийн зэрэглээт хангайлуу
Энергээр бялхсан орон дэлхийн эздүүдрүү
Уул ус бүгдээрээ тойрон байна аа
Ургамал цэцэгс алаглах сайхан цаг ирлээ
Хаашаа ч явсан яах вэ Хамгийн гол нь хогоо авч яваарай..
Зоргол Хайрханы аялалын тэмдэглэлтэй хамт байсанд баярлалаа.
Хүндэтгэсэн: Б. Ихтамир
2021.05.11